Компанийн танилцуулга
Тус компани нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1983 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 298 тоот тогтоолоор Баруун чиглэлийн зам барилга трестийг байгуулснаар анх шаваа тавьсан.
Манай орны замын сүлжээний гол чиглэлийн нэг Улаанбаатар-Өвөрхангай-Баянхонгор чиглэлийн авто замыг АА-ийн 144-р ангийн бие бүрэлдхүүн барьж байгуулж байсныг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр Баруун чиглэлийн зам барилгын трестийг байгуулж, улмаар Эрдэнэсантаас Арвайхээр чиглэлийн хатуу хучилттай авто замыг барьж эхэлсэн юм.
Авто замын засвар арчлалтын байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох үүднээс 2000 оны 2 дугаар сараас эхлэн “УБ АЗЗАН”ХК-ний харъяа “АЗЗА Хархорин”ХХК-ний хэлбэрээр, Монгол улсын засгийн газрын 2005 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны харъяа “Хархорин АЗЗАН”ХК-ний мөн Засгийн газрын 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 173 дугаар тогтоолоор “Хархорин АЗЗА”ТӨХК-ний хэлбэрээр тус тус зохион байгуулагдан ажиллаж ирсэн.
Тус компани нь АО601 дугаартай Элсэнтасархай – Хархорин чиглэлийн 77 километр, АО602 дугаартай Хархорин – Цэцэрлэг чиглэлийн 57 километр, АО8 дугаартай Хархорин – Хужирт чиглэлийн 37,8 километр, А28 дугаартай Хархорин-Өгийнуур чиглэлийн 56 километр хатуу хучилттай зам, 32,9 километр ердийн хөрсөн зам нийт 260,7 километр улсын чанартай замын засвар арчлалтын ажлыг хариуцан ажиллаж байна.Үүнээс гадна 292 метрийн урттай Орхоны төмөр бетон гүүрийн хамгаалагч- арчлагчтайгаар ажилладаг.
Одоогийн байдлаар тус компани 44 ажилчидтайгаар, захиргаа санхүү, замын материал бэлтгэх асфальто бетон завод болон зам засварын гэсэн 3 хэсэгтэйгээр үүрэгт ажлаа гүйцэтгэж байна.
Манай хамт олон 1988 оны ажил үйлс, хөдөлмөр бүтээлээрээ улсад бүх ард түмний социалист уралдаанд шалгарч “Шилжин явах улаан туг, дипломоор шагнуулж, МХЗЭ-ийн Төв хорооны гавшгай хөдөлмөрийн барилга байгууламж, МХЗЭ-ийн Төв хорооны “Тэргүүний ажилчин залуу алтан медаль”-т хамт олон болж байсан.
Мөн 1998, 1999 онд авто замын салбарын тэргүүний байгууллагаар, 2004 онд “Өвөрхангай аймгийн шилдэг 10 аж ахуйн нэгж”-ээр, 2014 онд “Шилдэг татвар төлөгч байгууллага”-аар шалгарч “Хөх дэвтэр” цом батламжаар, 2008, 2015 онд “Найдвартай татвар төлөгч байгууллага”-аар, 2018 онд “Онцлох зам хариуцагч байгууллага”-аар, 2018 онд МАЗҮЭХ-ны “Оны шилдэг ҮЭ-ийн анхан шатны хороо”, 2019 онд “Хангайн бүсийн шилдэг зам хариуцагч байгууллага, 2021 онд МАЗҮЭХ-ны “Нийгмийн хариуцлагатай байгууллага” -аар тус тус шалгаран ажиллаж ирсэн.
Орос, Солонгос, Япон, Хятад улсад үйлдвэрлэгдсэн зам барилга засвар арчлалтын зориулалтын 26 нэгж бүхий авто механизмын хэсэгтэй, жилдээ 22000 тонн асфальто бетон хольц үйлдвэрлэх хүчин чадалтай ДС-117К маркийн асфальто бетон завод, 20 машинд техникийн үйлчилгээ хийх засварын газар, Тарвагатайн хөтлийн болон Хужиртын шуурхай хэсэг гэсэн дотоод нэгжүүдтэйгээр ажил үйлчилгээгээ явуулж байна.
Цаашид бид техник тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хийж, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх замаар компанийн өмнө тавигдсан зорилго зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Хуваалцах :